logo
Сурах гэдэг ӨӨР 🦉
2021-03-03 By Web Admin
blog

2020 онд Мон Судар хэвлэлийн газраас орчуулсан шинэхэн номын товчлолоос 📚.

Боловсрол, хүмүүжлийг ХҮҮХДИЙН зүгээс бодох нь. 

⏳ 3 минут

 

Танилцуулга.

Германы хүүхдийн эмч, зохиолч Ремо Х.Ларго энэ номоо томчууд эцэг эхчүүдэд зориулж бичжээ. Тэрээр Хүүхэд бүр дахин давтагдашгүй учир тэд өөр өөрийнхөөрөө сурч хөгжихийг хүсдэг шүү гэдгийг амьдралд ойр олон жишээгээр мөн холбогдох судалгааны баримтаар дэлгэрэнгүй тайлбарласан байна. Монголд гэлгүй Германд ч гэсэн сургалт хүмүүжлийн явцад эцэг эх, сургуулийн боловсрол хүмүүжлийн арга ажиллагаанууд  үнэндээ хүүхдээс хол зөрөх нь улам ихэссэн гэдгийг олон жилийн ажиглалт дээрээ харж байгаа гэж өгүүлжээ. Тэр хүүхдүүдийг ойроос ажигладаг, хүүхэдтэй бүүр бага наснаас нь хамт байдаг эмч учраас түүний хэлэх зүйлийг эцэг эх, багш нар уншиж, сонсож хоорондоо ярилцах хэрэгтэй гэж бодож байна. Бид хүүхдүүдтэй харилцаж чадаж байгаа юу? Бидний хүүхдүүдэд зориулж хийдэг зүйлс тэдэнтэй харилцаа тогтооход ямар хувь нэмэртэй вэ? гэх мэт наад захын асуултуудад нээлттэй хариулт хэлэлцэх боломжтой ӨӨР ном гэж би дүгнэж байгаа. Ингээд номын товчлолоо Монгол уншигч таньд ойр бас өгөөжтэй байх талыг бодолцож эхний бүлгээс нь биш II дахь бүлгээс нь эхлэн нийтэлж байна.

 

Бүлэг II. Хүмүүжлийн суурь ба Хүүхдэд тохирсон сургууль.

Хүүхдийн хүмүүжлийн үндсэн гол суурийн нэг нь ХАРИЛЦАА. ( 🦉Харилцаа бидэнд маш чухал зүйл учраас аргагүй ээ). Хүүхэд ба томчуудын хооронд харилцаанд тулгуурласан бүрэн итгэлцэл бий болж байж сая тэднийг хүмүүжүүлэх суурь бэлтгэгдэнэ гэж үзэх үндэс нь энэ юм. Хүүхдийг дуулгаварт сургах гол үндэс бол зааварлаж захиргаадах бус ХАРИЛЦАН ИТГЭЛЦЭЛ гэж дахин тэмдэглэж байна. Харилцааны итгэлцлийг бүтээхэд эцэг эхчүүд, багш нар хүүхдүүдэд мэдрэмжтэй хандаж, тэдэнтэй харилцахад зориулан цаг гаргах ёстой гэдгээ байнга санах ёстой.

Дараагийн санах ёстой зүйл. Хүүхэд бүр ямар хүн байхаар заяагдсан тийм л хүн болох учиртай. Тэрнээс эцэг эх, багшийн хүлээлтийг биелүүлэхийн төлөө төрдөггүй. Хүүхдийг ӨӨРийнхөө алдаа, онооны хариуцагч нь байх эрх чөлөөг олгох хэрэгтэй. Тэр боломжийг олгох нь эцэг эхийн чухал ажил үүрэгт ордог.

Сургууль бол хүүхдийн хүмүүжил төлөвшилтөд маш нөлөөтэй тун чухал, нэн шаардлагатай орчин. Бусад сургалтын төвүүд ч адил. Сургуулийн зохистой бодлого төлөвлөлт ба уян хатан мэдрэмжтэй , бусдын нөлөөнд хэт автаагүй тусгаар эрх чөлөө нь маш чухал. Мөн нийгмийн өөрчлөлт, захиалга шаардлагыг тусгасан хирнээ аль нэг үзэл баримтлалд баригдалгүй үйл ажиллагаагаа авч явах нь чухал ажээ. (😲Үнэхээр нарийн ажил юмаа)

 

 

Харилцааны талаас сургуулийн багш нарт хүүхэд бүртэйгээ ойр дотно харьцах, хангалттай харилцаатай байхад нийцсэн төлөвлөгөө бодлого, тооцоо нь зөвхөн тоон утгаар ч биш тун чухал зүйл гэсэн үг.

Мөн дараах харилцаа холбоо сургуульд заавал байх ёстой. 

 

 

Сургууль сургалтын хөтөлбөрөө хүүхдийн хөгжлийг бүхий л талаар нь дэмжихээр хийх ёстой. Хэтэрхий их унших, бичих, бодох дээр төвлөрч болохгүй. Урлаг, спортын талын хичээлүүдийг ор нэр төдий авч явж болохгүй. Ядвал 6-р анги, чадвал 9-р анги төгстөл нь хүүхдийг бүхий л талаар бүрэн дэмжин хөгжүүлдэг сургуулийг л хүүхдэд тохирсон сургууль гэж нэрлэвэл зохино. Сургалтыг цогцоор нь авч үзэж буй сургууль л жинхэнэ сайн сургууль мөн. Сургууль нийгмээс шаарддаг зан заншлын болон соёлын үнэт зүйлсийг зааж сургах төдийгөөр хязгаарлагдаж болохгүй. "Хамгийн гүн гүнзгий асуудлууд" -н учрыг олох, шударга ёс болон амьдралын утга учрын талаар эргэцүүлж бодох ДОТООД (дээд) хэрэгцээ хүүхдэд ямагт байдаг. Хариултыг бүрэн өгч чадахгүй байлаа ч хүүхдүүдийн энэ хэрэгцээг сургууль заавал анхаарч үзэх ёстой юм.

Үүгээр эхний хэсгээ өндөрлөе.

Сонирхуулахад судлаачид хүний сурах хэв маягийн 20 гаруй хэв шинжийг судлан тогтоосон байдаг ч аль нь илүү чухал болох асуудал дээр эрдэмтдийн санал зөрүүтэй байгаа юм байна.